Өөрөө өөртөө шидтэн. Хэн нэгэн шидтэн мэт хүн учраад чамайг үлгэрийн мэт жаргал эдлүүлнэ гэж горьдлого тээж, хүлээж бэтгэрээд хэрэггүй. Өөрөө өөрийгөө чадах чинээгээрээ хичээн өөд нь авч явахын зэрэгцээ, бусдыг өөд нь татаж, туслаж явна л гэж бодож явах хэрэгтэй.
Үхсэний дараах байдлын талаар нэгэн сударт: “Харъя гэвч нүд үгүй, сонсоё гэвч чих үгүй, дуугаръя гэвч дуу гарахгүй, амталъя гэвч хэл үгүй, хүрэлцье гэвч бие үгүй. Бодож тунгаая гэвч сэтгэл үгүй. Айн сандарч тусламж эрж хайвч мэдэж туслах хэн ч үгүй.
Орь ганцаар үйлийн эрхэнд туугдах үед гагцхүү өөрийн урьд үйлдсэн буян номын хүч л туслана” хэмээжээ. Тиймээс таван мэдрэхүй болон сэтгэл өөрийн эрхэнд байгаа амьд үедээ амжиж түргэн буян номонд шамдахыг сануулжээ. Өвчнийг хүлээн авах сэтгэлийн хат. Эрүүл байх шалтгаан нөхцөлөөсөө өвдөх шалтгаан нөхцөл нь илүү олон.
Хэдийгээр эрүүл амьдрах зан үйлийг сайтар дадуулж, урдчилан сэргийлж байвч элдэв өвчний шалтгаан нөхцөлд гэнэт өртөх нь бий. Тэгээд өвчний зовлон, өвдөлт зовиурыг эдлэж туулна. Хүнд, хөнгөн ямар ч өвчин туссан байсан өвдсөн даруйдаа өвчнөө хүндрүүлж, ужигруулалгүй шинэ үед нь даруй даруйд нь арга хэмжээ авах нь нэн чухал.
Өвчний зовиурыг хэдий чинээ их мэдэрч эдлэж байсан ч өөрийн сэтгэлээ хэзээд өргөж дэмжин, уужуу, амар тайвнаар хүлээн авч, аль болох өөртөө болон бусдад төвөггүй, сэтгэлийн хаттайгаар туулах хэрэгтэй. Өвчилсөн үедээ залхуурч, төвөгшөөлгүй өөрийгөө арчилж тордоход цаг зав гаргаж, тохирох эм, эмчилгээг цаг тухайд нь зааврын дагуу хариуцлагатай сайн хэрэглээрэй.
Эх сурвалж: Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэг “Одонцэцэг эмчийн зөвлөгөө номоос