Үсэнд гал байдаг. Орой дээр чинь гал байдаг юм Онгод дээд тэнгэрийн хүч оршдог юм Огторгуй ертөнцөд зорчдог үүд байдаг юм Олон эрдмийг хураах хүрдэн байдаг юм!
Тиймээ, би үсээ ихэвчлэн шуудаг эсвэл боодог, болж өгвөл сүлждэг хүн л дээ.
Хааяахандаа л арга хэмжээ, баяр цэнгүүнд орохдоо ороож, задгайлж урт үсээрээ гоёдог ч бушуухан л хавчаад юмуу боогоод авна. Унтахдаа бол дандаа сүлжинэ.
Бүсгүй хүн үсээ задгайлж болдоггүй юм, чөтгөр шулам лугаа дүрд хувирч, лай ланчиг дуудаж, муу ёр зөгнөдөг юм гэж өвгөд эмгэд сургадаг. Учрыг сүүлд мэдэх нь ээ, хүний үс хүний оюун санаа, хийморь сүлдтэй нягт холбоотой, үсэнд маш их мэдээлэл агуулагдаж байдаг, болж өгвөл задгайлаад юм уу тайраад баймгүй зүйл байдаг юм байна.
Орчлон ертөнцтэй холбогдох суваг (антена) болдог төдийгүй, оюунт дээд тархи тэргүүн болоод хүзүү нуруу нугасыг тань хамгаалж байдаг үнэтэй нандин зүйл байдаг юм байна. Саяхан “Монгол Хүн Би” хэмээх бичвэртээ “Үсэндээ галтай Монгол хүн би” гэж бичсэнд зарим хүмүүс эгдүүцэж, элэнцгийн чинь үсний гал вэ, нүд гээчээ гэцгээсэн байна лээ.
Уг нь амьд бодгал бүхэн бүхэлдээ гал юм л даа. Эс, эд, эрхтэн бүхэн галтай. Ялангуяа Монгол хүн бол мөнхийн гурван галтай төрдөг, тэр гурван галаа гэзгээрээ домнож гурваар даран сүлжиж гал буюу эрчмээ алдахгүйн тулд гурван галаа манаж бөхлөж явдаг юм гэнэ лээ. Тиймийн тул……..
Оройн дээд тэргүүн галдаа
Олон хүн бүү хүргэж бай
Онцолж түүнийг ихэд манаад
Орон зайг нь хамгаалж бай
Боож сайхан самнаад
Болж өгвөл сүлжээд
Бодол оюунаа төвшитгөөд
Бурхан ухаанаа эрчилж бай гэж
Бүсгүй гэлтгүй бүстэй бүхэнд дуулгаж нэг хэлмээр байлаа! Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Батсүхийн Эрдэнэтуяа