Home » Аваад үхэхгүй эдэд бүү шуна Амтлаад ханахгүй амрагт бүү хорогд Алдар нэр, эд хөрөнгийг буян гэж хүлээн ав Амраг саданг үйлийн шалтгаан мэт угтан, үд

Аваад үхэхгүй эдэд бүү шуна Амтлаад ханахгүй амрагт бүү хорогд Алдар нэр, эд хөрөнгийг буян гэж хүлээн ав Амраг саданг үйлийн шалтгаан мэт угтан, үд

by admin
0 comments

Авралт бурхан, ном, хуврагын дээд

Ачит багшийн өлмий дор мөргөе
Арван зүгийн гурван цагийн бурхадын оройн дээд чухаг гурав
Аръяабал, Манзушир, Очирваань бурхадын өлмий дор мөргөе

Амьтай бүгдийг асран нигүүлсэн гэтэлгэх тангарагтай
Аръяабал бурханы мэлмий дор залбиръя
Алагчлал , нөхцөлгүй бодь сэтгэлийг өвөрлөн
Ашидын ариусал гэгээрэлд бие, хэл, сэтгэлээ өргөн даатгая

Замбуулинд хүний төрлийг олно гэдэг
Зүүний үзүүр дээр будаа тогтох адил учрал
Заавал маргааш амьд байна гэдэг магадлал
Зуун мянгад нэг тохиолдох боломж

Амь гэдэг амьсгал авах гаргах төдий мөч
Амьдрал гэдэг өтлөх, үхэх ухаарлын агшин
Амьдрал, мөнх бусыг онож таних гэдэг
Ахуй ертөнцөд үл шунаж, үл хүлэгдэхүйн бодь сэтгэл

Амьдралыг зовлон гэж мэдэх нь магад гарах сэтгэлийн эх
Амьдрал, үхлийг ав адил гэж таних нь хоосон чанарыг онохын тус
Амьдралын хүлээснээс ангид байх нь билгүүн ухааны охь
Алагчлал үгүй амьтан бүхнийг хайрлах нь бодь сэтгэлийн мөн чанар

Авах эдлэхийн хүсэл нь шунал тачаал
Адлаж өөлөхийн омог нь уур хилэн
Алагчилж өөриймсэх сэтгэл нь мунхаг сэтгэл
Аль аль нь ялгаагүй бодь сэтгэл үгүй нисванис

Аваад үхэхгүй эдэд бүү шуна
Амтлаад ханахгүй амрагт бүү хорогд
Анд нөхөд гэдэг аваа өгөө төдийг сана
Ашидын гэгээрэл, бодь сэтгэлд мэдлэг тус үгүйг ухаар

Алдар нэр, эд хөрөнгийг буян гэж хүлээн ав
Амраг саданг үйлийн шалтгаан мэт угтан, үд
Андыг зөвлөх, дайснаа багш хэмээн тань
Атгаг үгүй бодь сэтгэлийг гэгээрлийн үр лугаа усал

Өглөг, асрал нь бодь сэтгэлийн эхлэл
Сахил журам бол буян, нүглийн дэнс
Хүлцэл тэвчээр нь бодь сэтгэлийн шалгуур
Хичээнгүй үйлдэл гэдэг гэгээрэх сэтгэлийн суурь

Бясалгал, дияан нь билгүүнд хүрэх арга
Билиг билгүүн бол хоосныг онох түлхүүр
Бүгд эдгээр нийлээд гэгээрлийн зам мөр
Бодь сэтгэл үгүйд эдгээр нь элсэн дээр босгосон сууц

Алдах, олохыг тавилан гэж оно
Алдар, шийтгэл хоёрыг шалгалт хэмээн ухаар
Аз жаргал, зовлон нь үйлийн шалтгаантайг тань
Адлал, сайшаал хоёрт сургалт мэт бодь сэтгэлээр ханд

Эдгээр бүх сэтгэлийн хүлээснээс ангижрах хийгээд
Элдэв үзэгдэл, мэдрэхүйн хоосонд үл автахад
Бодь сэтгэлийн үр шим ба түүний сэрэмж нь
Билиг ухаанаас дутуугүй чухлыг бурхад сургасаныг сана

Бодь сэтгэл нь буяны эх булаг
Бодь сэтгэл гэдэг огоорлын туйл
Бодь сэтгэл бол хайрын дээд
Бодь сэтгэл бас гэгээрлийн тулгуур буюу

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ө.Батболд  Бодь сэтгэл /Гэгээрэхүй шүлгийн цомгоос/

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье