Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу дэлхий дахинаа түгсэн нэрээр нь бол карма-тай холбон тайлбарлаж болно. Өнөөдрийн уншигчид үйлийн үрийн тухай хангалттай ойлголттой, энэ талаар ном судар бишгүй гарсан болохоор үүнээс цааш ухаж ярих нь илүүц юм.
Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд бол заавал ярих ёстой. Хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа тээртэй ачаанаасаа салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой.
Үүнийг товчхондоо хойчийн буян хураах хэмээнэ. Сүнс мөнхөд оршдог, амьдрал дуусдаггүй гэдгийг монголчууд нэн эртнээс мэдэж, ертөнцийн бүх зүйл амьдлаг чанартай бөгөөд эх байгальтайгаа хүнчилж харьцах ёстой гэдэг ухааныг дагаж мөрдсөөр ирсний ул мөр, улбаа гялбааг бид өнөөдөр бага ч болов мэддэг.
Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хуурч мэхлэхгүй, садар самуун явахгүй, сархад дарсанд толгойгоо мэдүүлэхгүй, товчхондоо нүгэл үйлдэхгүй байхын утга учир нь чухамдаа үйлийн үрийн мөн чанартай холбоотой учраас өвөг дээдэс минь өөрсдөө энэ бүхнээс хол хөндий явахыг хичээж, үр хүүхдээ ч хол яв хэмээн захиж сургадаг байсан нь өнөөгийн нийгмийн задгайралтай цуг орхигдон гээгдэж байгаад харамсаад баршгүй.
Бидний таван мэдрэхүйд үл баригдах зэрэгцээ буюу далд ертөнцийн нууцаас цухас боловч хүртэж чадсан хэнд боловч урьд төрлүүдийн хийсэн нүгэл хилэнцийн үр дагавар ямар урхагтай, муу үр дагавартай болох нь тов тодорхой байдаг. Харамсалтай нь үүнийг мэдсээр атлаа элдэв төрлийн шунал хүслээ хазаарлан барьж чадахгүйн улмаас энэ цагийн дийлэнх хүмүүс үйлийн үрээ улам зузаалсаар байгаа нь хөдөлбөргүй үнэн.
Шинжлэх ухаан барим тавим баталж чадаагүй ч байгаа гэдгийг нь нэг муухан гадарлаад байгаа далд ертөнцийн нууцлаг хөшгийг сөхөж, амьдрахуйн утга учрыг тайлан унших олон суваг бий. Үүний тулд зарим нь аль нэг шашны номлолыг гүнзгийрүүлэн судалж, зарим нь бясалгалын олон төрлөөс сонгож, зарим нь өөр бусад арга замаар нууц мэдлэгт хүрэхийг эрмэлзэж байна.
Гэвч энэхүү нууц мэдлэг гэдгийн хүнд оногдсон язгуур үүрэг нь ХҮН ЁСООР ЗӨВ АМЬДРАХ гэдэг хэдхэн үгэнд багтсан ухагдахуун бөгөөд монголчуудын цэцэн билэгт сургааль үгсэд шингээстэй, шигтгээстэй байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг.
Итгэл эвдэх, андгай зөрчих нь хамгийн том нүглийн нэг байдаг бололтой. Итгэл гэснээс алалдах дайсныхаа ч итгэлийг алдахгүй, андгай үгээ зөрчихгүй байхыг эртний ард түмнүүд хичээдэг байсан нь ном сударт хүртэл бичигдэн үлджээ.
Эртний герегийн алдарт түүхч Геродотын номонд энэ талаар сонирхолтой баримт бий. Барка хотыг удтал бүслээд эзэлж чадаагүй персийн жанжин Амасис тус хотыг зальдаж эзлэх арга олжээ. Тэрээр ихээхэн гүнзгий нүх ухаад дээгүүр нь банзаар хулдаж, шороо асган үлдсэн газартай адил болго гэсэн зарлиг буулгав.
Маргааш нь эсрэг этгээддээ эвлэрэх санал хүргүүлэв. Олон сараар бүслэгдэн хаагдсан баркачууд ч дуртайяа зөвшөөрлөө. Персүүд мөнөөх хөндий газар дээрээ зогсоод “Бидний хөл доорхи газар хэвээр цагт андгайгаа зөрчихгүй” гэж ам өгөв.
Баркачууд тэдэнд итгэсэндээ хотын хаалгаа нээлттэй орхиод, хүсвэл хотоор зугаал гэж зөвшөөрчээ. Персүүд нөгөөх нүхэн дээрх хаалтыг нурааж орхиод хотруу дайрлаа. “Тэд газар ямар байсанг тэр хэвээрээ цагт ам тангарагтаа үнэнч байна гэж баркагийнханд амласан учраас тангарагаа зөрчихгүйн тулд ингэж нураажээ. Гүүрийг нурааснаар андгай хүчингүй болов” гэж Геродот тэмдэглэсэн нь бий.
Андгайтай холбоотой өөр сонин баримтууд ч мөн номонд бий. Тухайлбал, Геродотын “Түүх”-ийн дөрөвдүгээр дэвтрийн 157-д Оакс хотын Этеарх хэмээх хааны тухай өгүүлдэг. Түүний охин Фронимаг хойт эх нь зүйл бүрээр буруутгаж эцгийнх нь санааг урвуулж чаддаг.
Этеарх хаан холын газраас ирсэн нэгэн худалдаачныг урьж, хүссэн бүхнийг нь хийнэ гэсэн амыг нь авсны эцэст өөрийн охиноо авч яваад далайд хаяхыг хүсдэг. Худалдаачин андгайгаа биелүүлэхийн тулд гүнжийг олсоор хүлэн задгай тэнгист хаясныхаа дараа хөлгийн тавцанд буцаан гаргаж амийг нь авардаг. Өөрөөр хэлбэл хаанд хэлсэн үгнээсээ буцаж нүгэл үйлдсэнгүй, бас бүсгүйн амийг хороож нүгэл үйлдсэнгүй гэсэн үг.
Энэ бүхэн эртний ард түмнүүд үйлийн үрийн мөн чанарыг сайн мэддэг, нүглийн төлөөсөнд орохгүйн тулд буруу үйл үйлддэггүй байсныг харуулж байна. Эр эм хэн боловч энгэр задгай, хормой сул байж ужид самуунд автах, хань ижлээ хуурч өрөөл бусадтай садарлах нь хожмоо засч залруулахад хэцүү үйлийн үрийг дагуулж, үүрэх ачааг нэмдэг гэдгийг мөн ч олон онгодоос сонслоо доо.
Мөн хатууг хатуугаар хариулах нь туйлын буруу бөгөөд өрөөл бусдын хар санаж илгээсэн хараал хорлолыг эргүүлж буцаах биш, дарж сарниулж бай, бага зэргийнхийг бол үүрч дааж, өвдөж зовоод өнгөрүүл, үр хойчдоо ачаа битгий үлдээ гэх сургаалийг олон удаа сонссон бизээ.
Монголчууд “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан ялна” гэж хэлэлцдэг нь мөн л үүнтэй холбоотой бөгөөд хар муу үйл үйлдэгсдийн үр хүүхэд хэдэн үеэрээ өвдөж зовж, өөд нар хардаггүй нь эцэг өвгөдийнхөө үйлийн үрийг үр хойчис нь үүрч буй хэрэг юм.
Монголчууд ямар нэгэн өр өглөгийг заавал дуусгах, хэн нэгнийг гомдоосон бол уулзаж заавал цайруулах, хэн нэгэнд амласан бол их бага гэлгүй хэлснээ заавал гүйцэлдүүлэхийг хичээдэг байсан нь угтаа үйлийн үрийн мөн чанарыг даанч сайн мэддэг байсных аж.
Өнөө цагийнхан минь хүн ёсоор амьдрах энэхүү зам мөрийг үл тоон худал үгээр толгой эргүүлснээ “хулхидаж чадлаа” хэмээн бахдах, хударгагүй загнан монжсоноо “Чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн сайрхах, зав л гарвал ламтаж бөөтөж, сав л хийвэл хар мууг хийлгэж буйгаа “Амьдарч чадаж байна” хэмээн эндүүрэх нь даанч хөөрхийлөлтэй.
“Үйл болгон хариутай, үг болгон нэхэлтэй” гэж өвгөд минь үүнээс л сэрэмжлүүлж захисан юмсанж.
Өнөөдөр хэдийгээр санасандаа хүрч бусдын мууг үзэж байвч эргээд буух буулт нь дэндүү хатуу гэдгийг эргэцүүлж бодохгүй “Үүнийг хорлоод өг, түүнийг хараагаад өг” гэж яваа, “Түүний нөхрийг, эхнэрийг салгаад өг” гэж гүйгээ хүмүүс үйлийн үрийн тухай ном судрыг зориуд нэг уншиж үзээсэй.
Дээд хүчнээс заяасан ховор сайхан чадвараа эд хөрөнгө, мөнгө төгрөгт шунан буруугаар ашиглаж, өрөөлийн үйлийг өөртөө хураагч шидтэн домтонгууд ч нэгийг бодоосой. Өөрийн чинь л шунал хүсэл биелж байвал үр хойчис чинь үгүйрч хоосорч, эдгэшгүй өвчнөөр шаналж явах нь хамаагүй гэж үү?
Тэгэхээр хүн хэрхэн амьдарч буй нь урьд өмнөх төрлүүдийн үйлийн үртэй ихээхэн холбоотой нь тодорхой байна. Гэхдээ энэ нь үйлийн үрийг засч залруулж болохгүй, аливаа бүхэнд миний үйлийн үр л энэ хэмээн хүлцэнгүй номхон бай гэсэн үг биш юм. Үйлийн үрийг сайн санаа, сайн үйл, сайхан сэтгэлээр засч залруулж болно гэдэг.
Та ямар шашин шүтдэг, эсвэл огт шүтдэггүй чинь хамаагүй, гагцхүү хүн ёсоор зөв шударга, төв шулуун амьдрагтун.
Яагаад гэвэл үйлийн үрийн шүүлтүүрт арын хаалга, алагчлах үзэл гэж байдаггүй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б.Галаарид “Гэрэлт цалиг” сонин