Monday, September 16, 2024
Home » Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин ХАЙР хүнийг залуужуулдаг

Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин ХАЙР хүнийг залуужуулдаг

by admin
0 comment

Хэрэглээгүй авьяас ууршдаг. Хэн ч ордоггүй хаалга гацдаг. Ашиглаагүй булчин сулардаг. Амжаагүй ажил бүтэлгүйтдэг. Салхигүй агаар мууддаг. Санаандгүй үгнээс шархалдаг. Өдөр тутам дахь амьдралын хайхамшийг харах эсэхээ өөрөө л мэд. Чи юу харахыг хүсэж буйгаа л харах болно. Амьдралын хамгийн чухал эрхэм зүйл бол гэр бүл. Мөнгө таны нулимсыг арчихгүй, алдар нэр таныг тэврэхгүй, албан тушаал таныг жаргаахгүй.

Бүх зүйл үнэд орж буй одоо цагт хүн чанар хямдхан болж дээ. Хүмүүс амьдралын урт удаан нугачаанд төөрөлдсөн байх нь элбэг, тэд өөрөөрөө байх нь ямар гэдгийг мартсан байх нь олонтоо. Өөрийгөө дахин ол. Хувийн сахилга бат өөрийн бодолдоо эзэн байхаас эхэлнэ.

Хэрэв та юу бодож буйгаа хянаж чадахгүй бол юу хийж буйгаа хянах боломжгүй. Эмэгтэй хүн бол давах ёстой даваа, эзлэх ёстой өндөрлөг биш. Мэдрэх ёстой бороо, амтлах ёстой жимс, дагах ёстой салхи, харах ёстой үзэсгэлэн гоо юм. Дотоод хүнийг нь мэддэг болоход гадаад төрх нь сонирхол татахаа больдог. Жинхэнэ гоо үзэсгэлэн хүний дотор оршдог. Орчлонг танья гэвэл өөрийгөө тань.

Амьдралаа өөрчилье гэвэл сэтгэлээ л өөрчил. Гомдол дотор чинь горойгоод байвал саранд хэлээд ариусгачих. Нэрээ гурав шившээд сүүгээ уучихаад байвал бие сэтгэл засарна. Ажил үйлс чинь бүтэхгүй байвал мандах нарандаа өргөл өргөөрэй.

Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явах гэдэг хойшидын үр удамдаа хийх хамгийн том буян юм. Танд юу ч тохиолдсон бай зовлон эсвэл жаргал, ямагт дундыг барьж сэтгэлээ түвшин байлга. Энэ замаар явбал зовлонгийн хүлээс алдарч та туйлын үнэнд хүрнэ. Бүх зүйл энерги бөгөөд та үүнийг өөрийн бодлын хүчээр удирддаг. Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг.

Дуртай зүйлээ хийнэ гэдэг бол эрх чөлөө. Хийж буй зүйлдээ дурлана гэдэг бол аз жаргал. Амар хялбарын эрэл эзнээ иднэ. Ах дүүгийн хэрүүл удамаа иднэ. Дотроо зөв бодолтой хүн амьдралд илүү сэтгэлийн дархлаатай байдаг. Гоё, хүчирхэг хүмүүс зүгээр л гараад ирдэггүй.

Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээж, бий болгосон байдаг. Эцэстээ зүхэж суусан нь бус эцэтлээ зүтгэж туулсан нь өндийдөг үнэнтэй. Эцэг эхээсээ олж авсан суурь хүмүүжил, хүн чанар хоёр бол амьдралаас чамд олгосон үндсэн диплом чинь юм. Гомдож үзлээ. Гомдоож үзлээ. Хайрлахад тэвчээр, уурлахад ухаан хэрэгтэйг ойлгов.

Яарах хэрэггүйг, цаг нь болоогүй байхад сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүйг мэдрэв. Эргэж олдохгүй бүхнээ нандигнаж бай. Эрхэм гэсэн бүхнээ хайрлаж бай. Энэхэн орчлонд төрсөндөө залбирч бай. Ажилсаг нямбай хүн хэзээ ч, хаана ч ядуу амьдардаггүй юм. Хүнд мөнгө биш хандлага л дутдаг юм. Оюун санаагаа захир эс тэгвээс тэр чамайг захирна.

Хамгийн үзэсгэлэнтэй нүд хамгийн их уйлсан байдаг. Хамгийн үнэнч зүрх хамгийн их шархалсан байдаг. Хамгийн сайхан сэтгэл хамгийн их зовсон байдаг. Хүн хүнээ хайрлаж амьдраарай. Хүнд тусалбал найзтай болдог. Хэт их тусалбал дайсантай болдог. Хөрөнгөтэй нь биш сайн ханьтай нь жаргадгийг. Хүн хүнээр дутахаас хөрөнгө мөнгөөр дутдаггүйг.

Бэлтэй нь биш сэтгэлтэй нь амжилтанд хүрдэг гэдгийг ойлгоход амьдралыг арай энгийнээр харж эхэлдэг юм байна. Уйлахыг нүд биш сэтгэл шийднэ. Учрахыг хүсэл биш тавилан шийднэ. Жаргахыг бурхан биш зүтгэл шийднэ. Зовохыг чөтгөр биш чи шийднэ. Амьдрал бол танд тохиож буй үйл явдлын 10%, харин болж байгаа зүйлд таны хандах хандлагын 90%с бүрдэнэ.

Та байгаа зүйлдээ талархах тусам та байгаагаасаа илүү ихийг авна. Та байхгүй зүйлсээ анзаарах тусам, танд бүхий л зүйл хангалтгүй санагдана. Үг нь үйлдэлтэйгээ таарч буй хүн л үнэ цэнэтэй байдаг. Хорвоо атаархагчаар дүүрэн байдаг тул аж жаргалаа чимээгүй эдлэ. Хэн нэгнийг харагдах байдлаар нь, үзэмжээр нь, хүнээс сонссон хов живээр дүгнэх нь маш том тэнэглэл.

Ямар зүйлтэй нүүр тулж, ямар зүйлын ард гарсныг нь хэн ч мэдэхгүй. Тиймээс сөрөг зүйлийг нь биш эерэг талыг нь олж харах нүд, чих амтай байгаарай. Атаархуу хүнээс аль болох алсуур яв. Тэд хор найруулна. Хов хутгана, урвана, үзэн ядна. Амар заяа үзүүлэхгүй. Хамгийн чухал зүйлс бол хамгийн энгийн зүйлс байдаг. Амрах нь биднийг цааш явах боломж олгодог.

Инээх нь бидний хэцүү өдрүүдийг гэрэлтүүлдэг. Тэврэх нь бидэнд хүч чадал өгдөг. Тоглох нь бидний зүрх сэтгэлд байдаг мөнхийн хүүхэд насыг санагдуулдаг. Итгэлтэй байх нь биднийг төлөвшүүлдэг. Өршөөл нь биднийг чөлөөлдөг, явуулах нь бидэнд сургадаг. Хайрлах нь дэлхий дээрх диваажинг бидэнд илчилдэг. Хамгийн энгийн зүйлс ид шидээр дүүрэн байдаг. Жаргахад нь дэмжиж алсаас баярладаг.

Зовоход нь хажууд нь байж туслахыг хичээдэг хүнийг найз гэдэг. Хүмүүсээс гарч буй хандлагаар өөрийгөө зовоож, хүндээр хүлээж авахгүйг хичээ. Хэлэх ёсгүй үг хэлбэл тэр л биз. Хийх ёсгүй үйлдэл гаргаад байвал тэр л биз. Хэн ч биш юм шиг хандвал тэр л биз. Заавал бусдад ойлгуулж, хайрлуулж, хүндлүүлэх амьдралын хууль байхгүй ээ. Зүгээр л тэр хүмүүсийн чамд өгсөн тэр хандлагыг хүлээж авалгүй, өөрсдөд нь үлдээчих.

Тийм зүйлсийг сэтгэлдээ чирч авчраад бүү эмзэглэ, бүү шанал. Зөв бодолтой, сайхан сэтгэлтэй явахад бүх зүйл чинь бүтэж явдаг. Хүндлэх гэхээр хүндлэл даадаггүй. Сэтгэл гаргах гэхээр давардаг, арчаагүй хүмүүсээс зайтай яв. Та сайн хүн болохыг мэрийснээрээ сайн хүн болохгүй.

Харин дотроо аль хэдийн байгаа сайн хүнийг илрүүлж, гадагшлуулснаар л сайн хүн болно. Жирийн багш бол зөвхөн ярьдаг. Сайн багш бол тайлбарладаг. Мундаг багш бол үлгэр дуурайлал үзүүлдэг. Агуу багш бол шавь нарынхаа цээжинд гал асаадаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье