Friday, July 26, 2024
Home » Аливаа хүмүүн нас ахих тусам сөхөрч суух учиртай. Сөхөрч суусан хүний оюун санаа ер бусаар зөөлөрдөг.

Аливаа хүмүүн нас ахих тусам сөхөрч суух учиртай. Сөхөрч суусан хүний оюун санаа ер бусаар зөөлөрдөг.

by admin
0 comment

Сөхөрч суухын гүн ухаан гэж бий. Өвдгөө нугалж суух хүний эрүүл мэндэд машид сайн! Ингэж хоёр өвдгөө нугалан суухыг бохирч суух, сөхөрч суух гэж нэрлэнэ. Сөхөрч суухын гүн ухаанаас эхлээд өчье.

Өвдөж, хавдаад эргэн тойрны хайртай хүмүүс нь цаг бусаар үхэж үрэгдээд зовлон шаналанд ээрэгдэх, хэрэг төвөг, хэл ам хэрүүл тэмцэлд ороогдох, үйлс бүтэхийг байгаад сүр сүлд дордоод нэг л болж өгөхгүй хэн хүнийг сөхөрч суулгадаг учиртай. Монгол хүний сууж босох, хэвтэх хажуулах нь хүртэл жам ёсны гүн ухаан оршдог.

Сууж амрах үедээ болж өгвөл сөхрөөд суучхаж байгаарай хэмээн буурлууд сургадаг байв. Ахмад настай айлд бага залуу эмэгтэй хүн заавал сөхөрч суудаг. Сөхөрч бохирох нь гүн хүндлэл оршоож буйгаас ангид орчлон ертөнцийн түгээмэл зүй ёсныхоо хувьд гэвэл хүлцэл өчиж нүгэл нимгэрнэ гэж үздэг ажээ.

Энэ нь зөвхөн бурхны шашинд номлосон номлол биш, тэнгэр шүтлэгтэй эртний нүүдэлчин Монголчуудын аж төрөх ахуй амьдрал гүн ухаан байжээ. Бага жаахан байхад сөхрөөд суу! Өндөр болдог юм, хурдан том болдог юм гэх зэргээр сургадаг байлаа.

Хүүхдийн зөв өсөлт бойжилтын уг үндэс цэх суух, хөлөө нугалж суух байжээ. Хөл нугалж сууснаар тулгуур эрхтэн хөлний бүхий л судас шөрмөс үе мөч зөв хөгждөг санж. Тэр байтугай бүр бүсэлхийнээс доошоох эрхтний хэвийн ажиллагаа, эрүүл оршиход машид сайн.

Эмэгтэй хүний савны хий хэвийн байх, өндгөвчийн үйл ажиллагааны тэнцвэрт маш сайн нөлөөтэй. Хуучин цагт сав суулга, өндгөвч, эрэгтэй хүний түрүү булчирхайн үрэвсэл томрол, бөөр давсагны үрэвсэл, нуруу нугасны үе гэмтэх, нуруу суух мурийх гэхчлэн орчин үед түгээмэл болсон өвчин харьцангуй бага байсны уг шалтгаан нь ердөө сөхөрч суусных.

Мэдээж удаан хугацаанд тогтмол сөхөрч байж нөлөөлнө биз ээ. Төрж амаржсаны ардтайд эх хүн сөхөрч суухаар саванд юм үлдэхгүй, гэдэс сунахгүй. Орчин үеийн охид хүүхнүүд чөлөөт цагаараа завилж суугаад байж харагдах. Эмэгтэй хүний завилалт бол утга зүйн хувьд төдий таатай гэж үздэггүй.

Зарим нутагт бол эр хүнд харш гэж зэгсэн цээрлэж байв. Эрэгтэй хүн бол сөхрөх завилах хослуулах ёстой.
Жаахан байхад 60 гарчихсан баймааж төрхтэй арав гаруй хүүхэдтэй айлын эзэгтэй гэртээ байтугай айлд зочлохдоо сандал дээр суудаггүй сэн.

Сандал тавиад өгөхөөр,
– Заа даа, эгч нь ингэсгээд суучихъя аа. Сандал дээр их суух ч дээ, өөдтэй ч юм биш дээ! Гэж нэлээдхэн гүн агуулга өчсөн царайтай суухыг сонсоод эмээ ээжээсээ асуулаа. Хөгшин ээж маань хэлэхдээ,

– Юм учиртай! Амьдралд хэрхэн хандахыг толинд харж байдаг юм аа. Нэгд гэвэл сөхөрч суух өөрийнх нь эрүүл мэндэд сайн. Хоёрдоод ирмэгц нүглээ наминчилж байгаа хэрэг. Гуравдаад ирэхтэйгээ зэрэг айлыг хүндэлж буйн шинж гэж билээ.

Сөхөрч суухад бага эргэлтийн судас шар усны гүйлт идэвхжинэ. Ингэснээр тулгуур эрхтэнд орших бүхий л мэдрэлийн эд эс эрчимжих нь мэдээж. Даамай удаан хугацаанд сөхөрч сууж байгаад босох гэхээр хөл оршчихоод гишгэж болохыг байчихдаг.

Тэгээд аажмаар хөдөлгөхөөр аандаа цус нь сэлээд ирэв үү гэлтэй зүв зүгээр болчихно. Сөхөрч суугаад дадал болчихсон хүнд бол тэгэж мэдээ алдах энэ тэрийн огт асуудалгүй. Айл гэрийн эзэгтэй нар гал голомтынхоо өмнө үргэлжид сөхөрч суух нь цаанаа нарийн учиртай.

Сөхрөхөө байг гэхэд үүдэн талын өвдгөө босгоод баруун өвдгөө нугалж суух нь гадны муу эрчис зэргийг хамгаалж буйн нэгэн хэлбэр болой. Сөгдөн мөргөх гэдэг яриа нийтлэг. Чухамхүү хэнбугайн өмнө, юуны өмнө сөхрөх нь чухал. Хамаа намаагүй хүний урд сөхөрвөл сүр сүлдэнд муу!

Нутаг усныхаа сүр бараат хайрханы өмнө, эцэг өвгөдийг оршоосон нутгийн өмнө, эцэг эхийн гэр сууцны өмнө, бурхан шүтээний өинө сөгдөж сөхрөх учиртай. Аливаа хүмүүн нас ахих тусам сөхөрч суух учиртай. Сөхөрч суусан хүний оюун санаа ер бусаар зөөлөрдөг.

Эрт цагт гэмт хэрэг хийсэн хүнийг сөхөрч суулгаж байж хэрэг зарга шүүдэг ёстой байсан гэдэг. Сөхөрч суусан хүн худал хуурмаг үг хэлэх нь байтугай тэр тухай бодол нь хүртэл замхардаг юм байх. Хүүхдийг бага балчраас нь сөхөрч суулгаад сургачихвал өр зөөлөн хайр энэрэл дүүрэн хүмүүн болж төлөвшдөг жамтай.

Багачууд хөвгүүдийг яагаа ч үгүй завилж суухыг төдийлөн таашаадаггүй. Ихээр бардам зантай болчихно гэж үзээд тэр. Цэргийн алба хаасан, эрдэм ном үзсэн, гэрлэж бараалаад эцэг болсон хүн ахмадын эзгүйд бол завилж суудаг.

Бусад үед бол сөхрөх эсвэл үүдэн талын өвдгөө босгож хоймор талын өвдгийг нугалж суух нь жинхэнэ зөв суулт. Өвдгөө нугалж сөхөрч суухын утга учир шалтаг шалтгааныг дурдаад байвал ундраад л байх бий вий…

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хумбагарын Батмэнд. 2024. 05. 22.

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье