Өөрийн улаачаар дамжуулан Хамаг Монголын хаан Амбагай тэнгэрээс айлтгал үр сад бидэндээ илгээж байжээ.
Тэрээр хэлэхдээ: “Алд бие минь алжаавал алжаатугай ахуй төр минь бүү алдартугай” гэх эзэн Богдын ишилсэн үг эдүгээ эргэн хэрэгжих цаг. Үгийн утгыг тайлж үндэс язгуурыг нь тунгааж энхэл донхолоо арилгаж энэ сэтгэлээ ариусгаж чадвал эрчлэн ирэх аюул эгнэгт холдох болно.
Эрт сэрсэн нь төгөлдөржиж, эргэн бодсон нь сэхээ авч энэ цагийн өнгөнд биш эцэг өвгөдийн сургаал элж туулсан түүхийг нь эрх биш нэг сайн сөхвөл ирээдүй гэрэлтэй харагдах буй заа. Замын ханиа таньж захын хүнд хууртагдахгүй заяа буян нь тэгширч зам мөр нь зүгширч буй тул заримыг алгасан чухал санааг онцлон хэлье.
Сайхан чимээ гэвэл сайхан нутгаа хайрлаж хамгаалсан хүн бүрийг садан төрөлдөө ээлтэй, нутаг хошуундаа зартай эрхэм хэмээн цоллох юу ч биш. Хэдэн үеэрээ хүртэх хишиг буян заяана гэж мэдээрэй. Тэнгэр түүнийг хишиг болгон түгээж тал говь нутаг, хөвч хангай хүрэн баавгай хөвд голоо хамгаалсан үрсийг үеийн үед удмын удамд урамшуулан дэмнэх болно.
Хөнөөл нь харин олныг хамарч, онгорхой бүхнээр ус дүүрч орчлон дэлхий эргээд гэсгээх болно гэдгийг ухаараач. Ундны усгүй ангаж, идэх хоолгүй өлдөх болно. Эдлэн газар байвч эх дэлхий чинь эзгүйрсэн тул ямар их үнээр байгаль дэлхийгээ баллаж байгаагаа ухаарах өдөр ирэх тул урьдчилан ухааруулж байна.
Хөрөнгө мөнгөөр хахаж, хөрс дэлхийгээ онгичсон хүн бүр өнөөдрөөс хилэнц юугаа ариусгаж, хүний төлөө хөдөлж, хөрст дэлхийн сүйрлийн эсрэг тэмцэлд нэгдэгтүн. Тэмээн жингээ зэхэгтүн. Тэнхлүүн явахдаа тэмтчин яваа нэгнээ тэтгэгтүн. Та нарын цусаар эцэг өвгөд элэнц хуланцын цус эргэж буйг ухаарч эртний өвгөдийн сургаалыг дагаж, эргэн нэг сэхээрч, эцсийн удаа анхааруулж байна. Аюутугай, Дагатугай.
Замаас зайгуулууд холдож, жалгаар ногоо сугсалзах болно. Гол горхи сэргэж гольдрол нь зүгширнэ. Горимоо баригсад олширч, гох дэгээ арилна. Газрын гарц сайжирч гай зовлон холдоно. Байгаль амар байвал багачууд амгалан байна.
Ахин сануулахад өмнөх жилүүдийн айлтгал хүрээгүй үрсэд хүргэсүгэй, хүслээ бас шивнэтүгэй. Хүн бүр энэ жил хүслээ шивнэхдээ өөрийн төлөө нэг өрөөлийн төлөө хоёр үйлийг бүтээхийн төлөө хүчлэн ажиллаарай. Хүрэх оргил холгүй шүү.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Амбагай хааны айлтгал