Friday, July 26, 2024
Home » Монгол ухаан: Оюун ухаан тэлэх жорууд

Монгол ухаан: Оюун ухаан тэлэх жорууд

by admin
0 comment

Малын тархи цохиж идэх оюун ухаанд маш сайн. Толгой шийр чанаад тархийг нь цохингуут нэн түрүүн хүүхдэд өгдөг. Хүүхдэд багаас нь тархи өгөөд байвал оюун ухаан тэлдэг юм гэж үздэг.

Ахмад хүн тархи идээд байвал зөнөж мунширах нь бага. Хүний оюун ухааныг тэжээдэг тэжээл малын тархинд агуулагддаг юмсанж. Тэр бүү хэл харвасан хүний тархинд шар тосоор шингэлээд түрхэж иллэг хийгээд дотроос нь идүүлдэг.

Хушга тархины хэлбэртэй. Түүнийг идэх тархинд сайн. Хуш модны самар мөн л тархи оюунд сайн. Тэгвэл ой модонд аялахад тархи мэдрэлийн эсийг сэргээж өгдөг. Тэр байтгугай хуш модыг тэврэх, толгой дагзаа хүргэж наагаад зогсох маш сайн. Хүн байгалийн амьтан тул байгальтайгаа тэврэлдэж байгалийн харьцаанд орж эрчис солилцвол тархи оюун сэргэдэг.

Энэ бичвэр бол хүний оюун ухааныг хөгжүүлэн сэрээх, бас тархи мэдрэлийн өвчнийг эдгээхэд дэм тус өгөх тухай сэдэв. Орчин үеийн төв суурин газрын нярай хүүхдүүд тархины даралттай төрөөд байгаа. Дороосоо даарсан ээжээс гарсан хүүхдийн чихээр хатгуулж өвдөөд шөнө унтдаггүй гэх яриа бий.

Тэгвэл тэр тархины даралттай хүүхэд, чихээр нь хатгуулдаг хүүхдийн тархи толгойд малын тархи түрхдэг. Гэхдээ ялимгүй дутуу чанаад шүүрхийгээр нь түрхэнэ. Хэт их болгочихсон толгойн тархи нь бас чийгшилгүй шахам болчихсон байдаг. Түүнийг идэхэд сайн. Харин түрхлэгт бол арай аргуун агшуун байх болов уу. Шингэлэх бол бүлээн шар тостой хольж хутгасаар байгаад түрхэнэ.

Арван хэдтэй жаахан хүү байлаа. Малын эрэлд яваад өдөржин шогшоод хайсан малаа олсонгүй. Тэгээд зэргэлдээх сумын нэгэн танихгүй айлд очиж хонотол айлын жаахан хүүхэд уйлагнаад унтдаггүй ээ. Би 16 настай хүү байсан хэрнээ жаахан санаа зовлоо.

Яадаг билээ, намайг ирж хонолоо гэж айлын нялх хүүхэд хөлсөж уйлаад байгаа юм болов уу, гээд унтаа сэрүүн хоёрын хооронд хэвтээд байв. Надаас арав орчим насаар ах баймааж хоёр хүүхэдтэй залуухан айл. Эхнэр нөхөр хоёр манцуйтай хүүхдээ ээлжилж бүүвэйлээд л байна. Хүүхэд унтдаггүй ээ.

Би өндийгөөд асуулаа,
– Хүүхэд нь яагаад уйлаад байна вэ? Орой зүгээр л байсан сан, гэтэл.
– Шөнө болохоор чихээр нь хатгаад унтахаа байчихдаг юм гээд бүр төдийлөн сандрах нь үгүй. Болж л байдаг юм болдгоороо болж буй аятай байна. Миний хоносон айл орой нь намайг ирэхэд толгой шийр чанаж байсан юм. Тэгээд хөгшчүүлийн ярьж байсан нэг юм гэнэт сэрдхийн бодогдов. Бор хоолонд ороогүй хөхүүл жаахан нярайд эх нь хөхөө л өгөх юм хөөрхий. Хөхөж байснаа л тархиа арагш ягнайлгаад толгойгоо хоёр тийш сэгсрээд уйлаад унах.

Өндийж суучихаж байгаад хэллээ.
– Малын тархийг хүзүү толгойд нь сайн түрхчихдэг юм гэдэг шүү! Гэтэл эхнэр нь бүр дориун сэртэсхийгээд,
– Өө, тийм үү? Алив тэр толгойг цохиод тархийг нь гаргаад аль, гээд нөхөртөө хандтал, нөхөр нь нэг их тоосон шинжгүй хэвтээд байна.

Айлын нөхөр нь их дуу цөөтэй, эхнэр нь шап шупхийж шоволзсон хүүхэн. Нөхрөө шахсаар босгоод ирлээ. Цаадах нь дуртай дургүй өндийгөөд хувцаслав. Энэ ч дээ, худлаа даа! Гэсэн царайлаад түмпэн дотроос дутуу мөлжсөн толгой гаргаж ирээд цохив. Тэгсэн нөхөр нь толгойн тархийг хуруугаараа гогдож гаргаад, – Тархи нь шүүрхий юм бишүү! Гэж байна.

– Шүүрхий тусмаа сайн, гээд би нэг их юм мэддэг оточ өвгөн шиг мэдэмхийрч ухасхийн босоод өмдөө углаад дөхөөд очтол тийм ч их биш, яльгүй шүүрхий тархи харагдлаа. Ээж нь нялх хүүгийнхээ толгой хүзүүнд битүү тархи түрхээд зөөлөн иллэг хийсээр байгаад унтуулчихлаа.

Өдөржин морин дээр шогшсон би ч тэгсхийн нам унтчихаж. Өглөө цай уугаад л айлаас мордлоо. Адууныхаа сургийг бүдэг бадаг гаргасан тул тэр зүгт яваад бага үдийн хэрд адуугаа олоод буцав. Түүнээс хойш найман жилийн ардтаад айлын найран дээр өнөөх ах эгч хоёртоо тааралдав. Намайг сүрхий танимхаараад үнсэж золгов. Өө, тэгтэл өнөөх амнаас нь үгтээж байж ганц хоёр үг дуугардаг нөхөр нь жаахан халамцуу болоод тэрүү,

– Миний дүүгийн хэлсэн ёсоор хүүхдийнхээ толгой тархинд малын шүүрхий тархи түрхсээр байгаад зүв зүгээр болчихсон. Тэрнээс хойш дахиад хоёр хүүхэд гарсан бага хоёроо төрснөөс хойш манай авгай тархи түрхээд байсан болоод тэр үү, ёстой ган гээгүй том болж байна гээд байх.

Эхнэр нь ч бүүр ам хуурай байхгүй юм. Хоёр том нь хашраасан болохоор бага хоёртоо тархи түрхэж өгсөөр байгаад зүв зүгээр шүү энээ тэрээ гээд л байсан. Миний хэлсэн нээрээ нэмэр болсон ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Ямартай ч тэр уйлахай хүүхэд тэгсхийгээд яваа яваандаа унтдаг болсон гэж л хэлсэн шүү. Үнэн байж магадгүй л юм.

Гэхдээ хүүхэд бүхэнд таарах эсэх нь эргэлзээтэй. Саяхандаа, тав зургаан жилийн өмнө манай нэг найзын хүүхэд лав миний зөвлөсөнөөр өчнөөн удаа тархи түрхээд зүгээр болоогүй, өөр эмчилгээ хийлгэж байж зүгээр болсон дуулдсан.

Арай хүндэрчихсэн бол тархи түрхэх төдийхөнд эдгэхгүй л дээ. Малын тархи бол бөөн уураг, дээр нь оюун ухааны суурь эд эсийг сэргээж өгдөг гэж багаасаа сонсож өссөн болохоор тархинд дуртай. Бас гэр бүл үр хүүхэддээ өгч идүүлдэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хумбагарын Батмэнд. 2024. 04. 12.

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье