Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:
1.Бие засан хүмүнжиж
Өөрийн биеэ танивал
Сайн явах санааных
Өөдлөн явах заяаных
2.Эмсийн сайхан зүс
Сэтгэл булаах авч
Эрүүл биеийн шимийг
Хоослох гэм буйг сана
3.Өөрийн гэмийг
Өгүүлсэн хүмүнд
Өс бүү санагтун
Өргөн хүндлэгтүн
4.Мууг сайнаар арилгамуй
Мунхагийг эрдмээр үргээмүй
Хилэнг ухаанаар дармуй
Хилсийг үнэнээр цайруулмуй
5.Бүгдийн эзэн
Хаан атугай ч
Биеэ засахуйн
Эрдэмд суралцмуй
6.Өтгөс үгээ харамлан
Үг үл өгүүлэх ахул
Өөрийн гэмийг ухварлан
Өршөөл өчин гэмшигтүн
7.Эрүүл биеэ
Эс асарваас
Эвдэрсний хойно
Энэлэн гэмшмүй
8.Эл наснаа
Эрдэм эс сурваас
Хэрэглэхүй дор
Харуусан гэмшмүй
9.Залуу аху наснаа
Эрдэм эс сурваас
Өтөл аху наснаа
Эгээрэн гэмшмүй
10.Сайн муу хоёрт
Сацуу сургамж буй
Сайн явснаа
Санан хичээгтүн
Муу явснаа
Жигшин хичээгтүн
11.Алгуур аялахуй ану
Амьдын хөлөг буюу
Авираа өөрөө мэдэгч
Гүйцэшгүй сэцэн буюу
12.Дэмий балай донгодон
Хойморт суухыг цээрлэ
Дэлхийг дагуулав хэмээн
Худал өгүүлэхийг цээрлэ
13.Худал өгүүлэхийг
Хулгай адил цээрлэ
Хуурмаг авирлахыг
Урвах адил цээрлэ
14.Идэх өмсөхийг
Бах болгохыг цээрлэ
Идэр насаа
Дэмий үрэхийг цээрлэ
15.Төрсөн эл алд бие
Үхэн үхтэл хайран тул
Төгсөх өдөр хүртэл
Үйлийн сайныг бүтээ
16.Төрөөд төлжөөд
Төгсөх жамыг
Өт хорхой ч
Өлхөн дагамуй
Төрсөн биеэ
Засан хүмүүжээд
Өөдлөн явахыг
Хүн бүр чадмуй
17.Биеэ засан үл чадагч
Гэрээ засна гэхүл инээдэм
Гэрээ засан үл чадагч
Төрөө засна гэхүл шившиг
18.Омогшиж ухаанаа
Бүү гээгтүн
Омтгойрч бусдыг
Бүү ашгигтун
19.Ялихгүй зусар
Хөлжихөд саад аж
Шалихгүй омог
Аминд халтай аж
20.Сайн үг сонсохуй дор
Сайтар тунгаан тогтоо
Сайн үгс үнэн агаад
Саруул ухаан тэтгэмүй
21.Саар үг сонсохуй дор
Сайтар тунгаан шинж
Саар үгс худал агаад
Сэтгэл хорлон урвуулмуй
22.Сэцэн билигтийг дагавал
Санасандаа хүрэх дөт буй за
Сэцэн билигтээс сурвал
Сэтгэл саруусан гэгээрмүй зэ
23.Барсын арьс тугал нөмрөөд
Барс адил эс архирах буй за
Тугалын арьс барс нөмрөөд
Тугал адил эс мөөрөх буй за
24.Итгэлтэн олон буй за,гэвч
Өөрийн бие мэт итгэлт үгүй
Дотносох олон буй за,гэвч
Өөрийн сэтгэлээс дотно үгүй
25.Хайрлах олон буй за,гэвч
Өөрийн аминаас хайран үгүй
Ариун явбал алзахгүй аж
Сэрж явбал насад өлзий аж
26.Атгаг муу санахаас илүү
Атаат дайсан хүмүнд үгүй
Халтай мууг хэлэхээс илүү
Хэрцгий мунхаг авир үгүй
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм ёсон сургаалаас