Saturday, July 27, 2024
Home » Чингис Хаан: Өөрийн биеийг Ихэд бүү бод Өрөөл бусдыг Дорд бүү бас

Чингис Хаан: Өөрийн биеийг Ихэд бүү бод Өрөөл бусдыг Дорд бүү бас

by admin
0 comment

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:

1.Алд биеэ засахуйн эрдэмд

Аги балчараас хичээгтүн

Алд биеэ засахуйн билиг

Ахас ихсээ хүндлэхээс эхэлмүй

 

2.Эцгээ хүндэлж

Эхээ ачилж

Эрхийг цээрлэн

Эрдэмд хичээж

Биеэ засагтун

 

3.Аргал түүж хурга хариулах

Алд биеэ засахуйн нэгэн билиг

Агт манаж, ан авд мордох

Аж төрөн хатуужихуйн эрдэм

 

4.Бага балчир наснаас

Биеэ засан хүмүнжигтүн

Хүмүнжиж эс чадваас

Хүмүн болж үл чадмуй

 

5.Хойчис мину

нойронд сэргэг

Нөхөрт үнэнч

Үг мэргэн

Үйлс шударгуу

Хүмүн болтугай

 

6.Биеэ мэдвэл

Хүмүн болмуй

Би – гээ танивал

Ухаан суумуй

 

7.Өөрийн зөвийг нутулсу гэвэл

Өрөөлийн зөвтэй жишин шинжигтүн

8.Өөрийн гэмийг мэдсү гэвэл

Өрөөлийн үгийг хүлцэн сонсогтун

 

11.Өлсөхөөс өрсөж хүнсээ базаа

Өгүүлэхээс өрсөж үгээ сонж

 

13.Өөрийн алдас гэмийг

Бусдаас асуун мэдтүгэй

Төр засах ёсонг

Сэцдээс асуун суртугай

 

14.Хөвүүн хэдүй

Шил сайтай ч

Эрхэм ёсон үгүй бол

Хүмүн эс болмуй

 

15.Ухаан уйтан хэмээн

Биеэ бүү чамла

Ухаант мэргэдээс сурвал

Билиг ухаан саруулмуй

 

16.Эрдэх бярдах

Баатар бусыг мэдэгтүн

Эрхлэх цэнгэх

Жаргал бусыг санагтун

 

17.Өдөр үйлдсэн явдлаа

Үдэш сайтар шүүгтүн

Өөдгүй ичүүрт явдлаа

Ятган гэмшиж гээгтүн

 

18.Сэтгэлийн уг хар бол

Сүү мэт үг худал буй за

Санааны уг буруу бол

Санасан үйлс үл бүтмүй

 

19.Уран хөвшин донгодохыг

Хөхөө шувуу ч чадмуй

Уран худал өгүүлэхийг

Хэлэмгий зальхай ч дөнгөмүй

 

20.Сэтгэлийн хар хорыг

Гэмшлээр цайруулмуй

Салж сарнисны уршгийг

Элгэн болж арилгамуй

 

21.Зорисон ахул

Бүү цөхөр

Зориглосон ахул

Бүү шантар

 

22.Эрдэнэт хүмүний

Биеийг олсон тул

Эрхэм ёсонг мэдэж

Биеэ засахыг хичээ

 

23.Сайн авьяасаа

Эрт дэлгэрүүлбэл

Сайн хүмүүний

Зэрэгт хүрмүй

 

24.Бус хүмүний

Сурсан эрдмийг

Буй биеэрээ

Хичээн сурвал

Бус хүмүнээс

Үл дутмуй

 

25.Эцэг эхийн

Сургасныг огоорогч

Талд хийсэх

Хамхуул адил аж

 

26.Өндөр уулын хөтөл зори

Өргөн далайн олом зори

Хол хэмээн бүү цөх

Явах ахул хүрмүй

 

27.Бэрхийг сурвал

Баатар болмуй

Эрдэм сурвал

Сэцэн болмуй

 

28.Биеэ зассу гэвээс

Сэтгэлээ засагтун

Сэтгэлээ зассу гэвээс

Сэв үгүй ариун болго

 

29.Сэтгэл хэмээгч

Биеийн эзэн буй за

Сэтгэл мунхарвал

Бие даруй доройтмуй

 

30.Биеэ засахуйн ёсонг

Билиг сургаалаас сурмуй

Биеэ засахуйн эрдмийг

Сурах дадахаар олмуй

 

31.Хүмүн болсу гэхүл

Бусдын сайнаас сур

Хүмүнжин өссү гэхүл

Эрхэм ёсонг сурч дад

 

32.Олны дотор үгээ бэхэл

Гагцаар буйд сэтгэлээ шинжил

Омогт мунхагтай үг бүү сөр

Суу билигтийн үгийг бүү сонж

 

33.Судал олж ухвал

Ундлах ус олдмуй

Сургаал гол болговол

Ухаан гүн болмуй

 

34.Хүмүн болох багаасаа

Хүлэг болох балчираасаа

Баатар болох өсөхөөсөө

Бүхүй олонд танигдмуй

 

35.Хүмүний зэрэгт хүрсү гэхүл

Хөвүүн наснаас хичээгтүн

Алд биеэ зассу гэхүл

Авьяас билгээ хурц болгогтун

 

36.Айхуй дор

Ухаанаа бүү алд

Атаач дор

Үгээ бүү алд

 

37.Зусар үг өгүүлэн

Сул нурших гутамшиг

Зуун сум тавиад

Хоосон хоцрох шившиг

 

38.Өөрийн гэмийг

Бусдад бүү тох

Өрөөлийн гавьяаг

Өлбөлзөн бүү луйвард

 

39.Өөрийн биеийг

Ихэд бүү бод

Өрөөл бусдыг

Дорд бүү бас

 

40.Өөдлөхөд санах сэрэх эрхэм

Өсөхөд сурах дадах эрхэм

Сэцэн билигтэн үүнийг

Сэрж ухан билиг болгомуй

Саруул ухаант үүнийг

Санаж ухан эрдэм болгомуй

 

41.Адамхай уур хилэнгээ

Амгайвчлан даран чадваас

Архиран ноцох арсланг

Аргаар дарах адил буюу

 

42.Нойр хэмээхүй хүмүн бүрийн

Алжаал үргэх тэжээл буй за

Нойронд дийлдэн сэрэмж алдвал

Атаатанд гэнэдэн осолдох буй за

 

43.Унтах хэвтэх хэтийдэх ахул

Дутуу үхсэнээс ялгаа юун

Уухайлж хатгахаас хожидвол

Дутаан урваснаас ялгаа юун

 

44.Нойр хэмээхүй

Залхуугийн өвчин аж

Уруудах хэмээхүй

Мунхагын заяа аж

 

45.Өөдлөхөд санах сэрэх аж

Уруудахад унтах хэвтэх аж

Нойр хэмээхүйг сэрж барамуй

Уруудах хэмээхүйг сэхэж давмуй

 

46.Зовлон бэрхийг туулахуй

Зориг хатуужил эрхэм

Зорьсон хэргээ бүтээхүй

Зүтгэл хичээл эрхэм аж

 

47.Нас нэмж ,бие өтлөвч

Гэндэх гэнэн үл арилах аж

Настан аршийн үгийг дагаж

Гэндэх ослоос сэрэмжилсү, би

 

48.Биеэ засахуйн эрдмийн дээд

Билиг оюунаа хурцлах болой

Билиг оюунаа хурцлахуйн дээд

Сэцэн билигтээс сурах болой

Сэцэн билигт ойр үгүй ахул

Судар дэвтрээс сурч болмуй

Судар дэвтрээс сурахуйн тул

Үсэг бичиг шамдан сурагтун

 

49.Бие засан хүмүнжиж

Өөрийн биеэ танивал

Сайн явах санааных

Өөдлөн явах заяаных

 

50.Эмсийн сайхан зүс

Сэтгэл булаах авч

Эрүүл биеийн шимийг

Хоослох гэм буйг сана

 

51.Өөрийн гэмийг

Өгүүлсэн хүмүнд

Өс бүү санагтун

Өргөн хүндлэгтүн

 

52.Мууг сайнаар арилгамуй

Мунхагийг эрдмээр үргээмүй

Хилэнг ухаанаар дармуй

Хилсийг үнэнээр цайруулмуй

 

53.Бүгдийн эзэн

Хаан атугай ч

Биеэ засахуйн

Эрдэмд суралцмуй

 

54.Өтгөс үгээ харамлан

Үг үл өгүүлэх ахул

Өөрийн гэмийг ухварлан

Өршөөл өчин гэмшигтүн

 

55.Эрүүл биеэ

Эс асарваас

Эвдэрсний хойно

Энэлэн гэмшмүй

 

56.Эл наснаа

Эрдэм эс сурваас

Хэрэглэхүй дор

Харуусан гэмшмүй

 

57.Залуу аху наснаа

Эрдэм эс сурваас

Өтөл аху наснаа

Эгээрэн гэмшмүй

 

58.Сайн муу хоёрт

Сацуу сургамж буй

Сайн явснаа

Санан хичээгтүн

Муу явснаа

Жигшин хичээгтүн

 

59.Алгуур аялахуй ану

Амьдын хөлөг буюу

Авираа өөрөө мэдэгч

Гүйцэшгүй сэцэн буюу

 

60.Дэмий балай донгодон

Хойморт суухыг цээрлэ

Дэлхийг дагуулав хэмээн

Худал өгүүлэхийг цээрлэ

 

61.Худал өгүүлэхийг

Хулгай адил цээрлэ

Хуурмаг авирлахыг

Урвах адил цээрлэ

 

62.Идэх өмсөхийг

Бах болгохыг цээрлэ

Идэр насаа

Дэмий үрэхийг цээрлэ

 

63.Төрсөн эл алд бие

Үхэн үхтэл хайран тул

Төгсөх өдөр хүртэл

Үйлийн сайныг бүтээ

 

64.Төрөөд төлжөөд

Төгсөх жамыг

Өт хорхой ч

Өлхөн дагамуй

Төрсөн биеэ

Засан хүмүүжээд

Өөдлөн явахыг

Хүн бүр чадмуй

 

65.Биеэ засан үл чадагч

Гэрээ засна гэхүл инээдэм

Гэрээ засан үл чадагч

Төрөө засна гэхүл шившиг

 

66.Омогшиж ухаанаа

Бүү гээгтүн

Омтгойрч бусдыг

Бүү ашгигтун

 

67.Ялихгүй зусар

Хөлжихөд саад аж

Шалихгүй омог

Аминд халтай аж

 

68.Сайн үг сонсохуй дор

Сайтар тунгаан тогтоо

Сайн үгс үнэн агаад

Саруул ухаан тэтгэмүй

 

69.Саар үг сонсохуй дор

Сайтар тунгаан шинж

Саар үгс худал агаад

Сэтгэл хорлон урвуулмуй

 

70.Сэцэн билигтийг дагавал

Санасандаа хүрэх дөт буй за

Сэцэн билигтээс сурвал

Сэтгэл саруусан гэгээрмүй зэ

 

71.Барсын арьс тугал нөмрөөд

Барс адил эс архирах буй за

Тугалын арьс барс нөмрөөд

Тугал адил эс мөөрөх буй за

 

72.Итгэлтэн олон буй за,гэвч

Өөрийн бие мэт итгэлт үгүй

Дотносох олон буй за,гэвч

Өөрийн сэтгэлээс дотно үгүй

 

73.Хайрлах олон буй за,гэвч

Өөрийн аминаас хайран үгүй

Ариун явбал алзахгүй аж

Сэрж явбал насад өлзий аж

 

74.Атгаг муу санахаас илүү

Атаат дайсан хүмүнд үгүй

Халтай мууг хэлэхээс илүү

Хэрцгий мунхаг авир үгүй

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм ёсон сургаалаас

 

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье