Home » Чулуу нь өөдөө айл

Монгол хүн амны билгээ алхам тутамдаа анхаарч бодож явах ёстой. Манай нутагт хараал хэлдэггүй нэгэн гэр бүл байлаа.


Тэднийх олон хүүхэдтэй амьдрал мөхүү хатуу ч барагтай бухимдахгүй.
– Ээ буянаа нэм. Ээ заяа нь дэлгэр гэх мэтийг л хэлнэ. Хичнээн ядарсан байлаа ч болно бүтнэ , алсдаа сайхан гэх үг хэлээр л хэлнэ. Үйлдлээрээ ч харуулчихна. Үр хүүхдүүд нь хүмүүжил төлөвшил сайтай.

 

Тэгээд тэдний мал ахуй нь чанартай золбоолог гэж жигтэйхэн. Сум даяар зуд турхан болоход тэдний мал л онд мэнд орно. Бүр өнчин ишигний хорогдолгүй орох үеч бий.

Өвлийн хүйтэнд чоно нохой элбэг газар бэлчээртээ тасарч үлдсэн ахар шийрийн малд нь онхио осол гарахгүй хүрээд ирдэг. Тэдний нэг хүүхэд нь өвөл хонинд явж байгаад нэг ямаа ишиглэж хоцорсныг мэдэлгүй орхиод явчихжээ.

Идэр есийн хүйтэнд турь муутай ямааны ишиг шүү дээ. Хаа нэгтээ хөлдүүс болсон хэвтэж байх вий гэтэл, гэрийн эзэгтэй ер тоосон шинжгүй хайчны ам ноосоор боож хатавчны өнчин толгойд хавчуулж домнож орхиод. – Хоёр хоногоос ишгээ дагуулаад хүрээд ирэх байх аа.

Баян Алтай минь гээд цай сүүний дээжээ өргөж байсан гэдэг. Гэтэл өнөөх ямаа нээрээ л нэг өглөө ишгээ дагуулчихсан гүйгээд иржээ. Нялх ишигний чих нь ч хөлдөөгүй байсан гэж айл саахалт нутагладаг хөгшчүүл гайхдаг байв. Тэгээд өнөөх гарсан ишиг нь догшин гэж бүр жигтэйхэн байсан санж.

Хүүхдүүд нь хөөцөлдсөөр байж бариад автал янгир ямааны зэрлэг ишиг шиг таг хярчихсан юм байх. Хээр гарсан ишиг том сэрх болтлоо ихэд омоглон догшин, хараа хурц дээгүүр, ихэмсэг бардам сүргийн манлай буянт мал байсан түүхтэй. Тэр айлыг хавийн улсууд “Чулуу нь өөдөө айл” гэлцдэг байж билээ.

Хааяа нэг хотруу нь боохой ороод мал өгчихөөр бараг баярладаг байсан юм билээ. – Өө хөөрхий болжээ болж. Овоо доо, яахав хөөрхий хувьгүй амьтан хувиа л аваа биз. Ирж буцсан замыг нь мялаагаад араас нь сүү өрөг ! Чавганцаа гээд сууж байдаг юм санж. Ер нь хуучны хөгшчүүл хотоор нь хядчихаагүй л бол ганц хоёрын зэрэг авахад малын сүлдэнд сайн гэж үзээд огтоос харамсах сэтгэл төрөх нь үгүй.

Харамсах л юм бол болдоггүй юм шүү гэж бүр анхааруулна. Чулуу нь өөдөө айлын эзэн, эзэгтэй хоёроос хавь ойрынхон нь асуудаг юм байх. – Танай мал яагаад ийм таваарлаг юм бэ? Хүүхдүүд чинь хамрын ханиад ч хүрэхгүй шахам өсөж байх шиг ээ. Энэ ямар учиртай юм бэ? Ямар гээчийн ид шид вэ гэхэд. Юун ид шид байх вэ!

Дотор сэтгэлээ ариусга! Амны билгээ бодолц! Хараал битгий хэл! Дандаа ерөөл хэлж бай. Аймаар аягүй гэхчлэн бузар үгсийг амандаа битгий хэл гэжээ.Тэгээд газраар яваа хорхой шавьж, тэнгэрээр яваа шувуу шаазгайнд хүртэл ерөөл айлдаж бай.

Хайрла хайрла, дахин хайрла! Бусдын төлөө цаг ямагт санаа тавьж яв! За тэгээд л болно гэж хэлэхээс өөр олон долоон юм хэлдэггүй буянтай айл байсныг би бээр бэлхэнээ мэдэх билээ. Хаврын тарчиг цагт тэр айлаас очиж шөлний хонь авахад зүгээр захын нэг төлөг нь л гэхэд яг намрын мал шиг сүвэй нэвт өөхтэй байдаг гэж нутгийн зон олны дунд ам дамжин яригддаг хэзээнээсээ үгтэй дээ.

Одоо тэдний хүүхдүүд улсын аварга малчид ч байна. Өөр өчнөөн салбарт галын дөл шиг дүрэлзэн амжилттай сүү шиг гэгээн сэтгэлтнүүд нийгмийн толь нь болж явцгаана даа. Ээ буянаа нэм. Ээ заяа нь дэлэгрэг ээ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Хумбагарын Батмэнд

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье