Friday, March 1, 2024
Home » Шинэлэх ёсон: Хонь цагт идээгээ зас 13.40-15.40, Тахиа цагт битүүлж эхэл 17.40-19.40, Туулай цагт орноосоо бос 5.40-7.40, Луу цагт мөрөө гарга 7.40-9.40.

Шинэлэх ёсон: Хонь цагт идээгээ зас 13.40-15.40, Тахиа цагт битүүлж эхэл 17.40-19.40, Туулай цагт орноосоо бос 5.40-7.40, Луу цагт мөрөө гарга 7.40-9.40.

by admin
0 comment

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм.
Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг.

 

Тиймээс олон ёс заншлыг хадгалсан баяр юм. Дорно дахинд шинэ оны баярыг өрнөдөөс арай хожуу тэмдэглэж эхэлжээ. XIII зуунаас өмнө Монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Сүүн сар” хэмээн нэрлэж байв. XIII зуунаас эхлэн “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэгт тэмдэглэжээ.

Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж. XIII зууны эхэн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ.

Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харъяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ. Чингис хаан ийнхүү цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж

Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ.

Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж, цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ, шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн, шуурга шамаргатай өвөл өнгөрч, урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэддэг ажээ.

Хубилай хааны ордонд олон жил суусан Венецийн элч Марко Поло монголчуудын Цагаан сарын баярын тухай тэмдэглэн үлдээхдээ “Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгөөр чимэглэсэн гоё сайхан авдар сав ачсан заанууд болон бэлэг сэлт бүхий зүйлийг ачсан тэмээн жин хааны ордонд хүрэлцэж ирнэ.

Баяр ёслол үйлдэж, бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ засч, бүх хүн найрлаж цэнгэнэ. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж, ордныхныг цэнгээн хөгжүүлэх ажээ. Мөн ийм баяр ёслолын үеэр их хаадын өмнө сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан ноход мэт хааны хөлд цагираглан хэвтээд өгнө” гэж бичсэн байдаг.

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм. Шинэлэх ёсонд хонь цагт идээгээ зас 13.40-15.40, тахиа цагт битүүлж эхэл 17.40-19.40, туулай цагт орноосоо бос 5.40-7.40, луу цагт мөрөө гарга 7.40-9.40 бий.

Эх сурвалж: Монгол орны лавлах

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье