Өөрт байгаа зовлонгийн үргэлжлэлийг өөрөө л таслана
Зовлонг уг үндсээр нь таслах ерөнхий дараалал:
- Юун түрүүнд “Би өөрийн зовлонгоо өөрөө арилгаж чадна” хэмээн өөртөө баттай итгэлийг төрүүлэх
- Тэгээд “Би ер нь л энэ зовлонгоос нэг мөр салья” хэмээн зориглож, эргэлт буцалтгүй шийдвэр гаргах
- Тэгээд өөрийг нь зовоогоод байгаа зовлонгийн уг үндэс шалтгаан нь юу байгааг хайж, онож таних
- Түүнийг уг үндсээр нь таслах яг тохирсон аргыг хайж, олох
Тэгээд зовлонгийн шалтгааныг бие-хэл-сэтгэлийн үйлдлээр арилгах явцад ямар ч бэрхшээл тулгарсан тэвчээртэй туулж, эргэж буцалгүйгээр, өөртөө үнэнчээр тууштай хичээх. Өөрт байгаа нэг томоохон зовлонгийн уг шалтгааныг таслахад, нөгөө хэсэг зовлонгуудын үргэлжлэл нь хамтдаа алга болно.
Ийнхүү жаргал, зовлон сүлэлдсэн өөрийн амьдралын жаргалыг ихэсгэж, зовлонг нь багасгаад л байх хэрэгтэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэг эмчийн зөвлөгөө